- Oneplace Newsletter
- Posts
- Шинэ ажилтны ажлын хүлээлт болон бодит байдлын зөрүүг багасгах нь
Шинэ ажилтны ажлын хүлээлт болон бодит байдлын зөрүүг багасгах нь
Preboarding үйл явцын үндсэн зорилгууд юу вэ?
Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн шийдэх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
Preboarding үйл явцын үндсэн зорилгууд юу вэ?
Ажилтны preboarding үйл явц нь onboarding буюу шинэ ажилтны дасан зохицох үйл явцын хамгийн эхний үе шат юм.
Preboarding бол "би-одоо-ажил-горилогч-биш" болон "би-хараахан-ажилтан-биш" гэсэн хоорондох тодорхойгүй цаг хугацаа, өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт дууссанаас ажлын эхний өдөр хүртэлх хугацаа юм. Энэ нь хэдхэн хоногоос хэдэн сар хүртэл үргэлжилж болох бөгөөд ажил олгогч болон шинэ ажилтны хооронд харилцаа, үнэнч байдал, эерэг ажилтны туршлагыг бий болгох төгс боломж юм.

Preboarding үйл явцад ямар процессууд багтдаг вэ?
Мэдээлэл цуглуулах, гэрээ байгуулах: Шинэ ажилтны хувийн мэдээлэл, баримт бичгүүдийг цуглуулж, хөдөлмөрийн гэрээг урьдчилан байгуулах нь эхний өдрийн ачааллыг бууруулж, ажилтныг шууд ажилдаа ороход дэмжлэг үзүүлнэ.
Урьдчилсан шинжилгээ, сургалтанд хамруулах: Ажилтны эрүүл мэндийн үзлэг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг урьдчилан зохион байгуулснаар ажил эхлэхэд шаардлагатай бүх нөхцөлийг бүрдүүлнэ.
Нэвтрэх эрх, тоног төхөөрөмжийг бэлтгэх: Ажилтны ажлын байранд шаардлагатай нэвтрэх эрх, компьютер, утас зэрэг тоног төхөөрөмжийг урьдчилан бэлтгэх нь ажлын эхний өдөрт саадгүй ажиллах боломжийг олгоно.
Менежер болон хамт олонтой танилцуулах: Шинэ ажилтныг менежер болон хамт олонтой нь урьдчилан танилцуулснаар багийн уур амьсгалыг сайжруулж, ажилтны дасан зохицох үйл явцыг хурдасгана.
Ажлын төлөвлөгөө боловсруулах: Шинэ ажилтны эхний хэдэн долоо хоногийн ажлын төлөвлөгөөг урьдчилан боловсруулж, тодорхой зорилго, хүлээлтийг тогтоох нь ажилтны бүтээмжийг нэмэгдүүлнэ.
Байгууллагын соёлд нэвтрүүлэх: Шинэ ажилтанд компанийн үнэт зүйлс, эрхэм зорилго, дотоод журам зэргийг танилцуулж, байгууллагын соёлд хурдан дасан зохицоход тусална.
Preboarding үйл явцын үндсэн зорилгууд юу вэ?
1. Байгууллагын соёлд анхан шатны танилцуулга хийх
Ажилд орох явцад ажилтан байгууллагынхаа талаар их хэмжээний мэдээлэл авдаг. Харин preboarding үе шат нь тэднийг байгууллагын үйл явц, зарчим, үнэт зүйлстэй илүү гүнзгий танилцах боломжийг олгодог. Шинэ ажилтны имэйлд эсвэл профайлд нь байгууллагын түүх, эрхэм зорилго, гол төлөвлөгөө, бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга бүхий материалууд байх ёстой. Харилцагчдын бааз болон бизнесийн түншүүдийн мэдээллийг ч мөн хүргэх нь шинэ ажилтанд байгууллагын гол холбоо, харилцааг ойлгоход тус болно. Ингэснээр ажилтны оролцоог нэмэгдүүлж, үнэнч байдлыг бэхжүүлж, шинэ үүрэгт аажмаар дасах нөхцөлийг бүрдүүлнэ.
2. Ажилтны үүрэг, байгууллагын бүтцэд эзлэх байр суурийн талаар ойлголт өгөх
Шинэ ажилтны гүйцэтгэх үүрэг, байгууллагын бүтцэд эзлэх байр суурийг тодорхой ойлгуулах нь preboarding үйл явцын гол зорилтуудын нэг юм. Энэ мэдээлэл сонгон шалгаруулалтын явцад хөндөгдсөн байж болох ч, дараагийн шатанд илүү дэлгэрэнгүй тодорхойлолт өгөх нь чухал. Ингэснээр байгууллага өөрийн бодит байдлыг нотолж, шинэ ажилтны итгэлийг нэмэгдүүлнэ.
3. Ажлын байр болон хэрэгслийг бэлтгэх
Энэ хэсэг энгийн мэт боловч, орхигдсон тохиолдолд шинэ ажилтныг будлиан, үл ойлголцолд хүргэж, урт хугацаанд ажиллах сонирхлыг бууруулдаг. Шинэ ажилтан ажилдаа хэдэн цагт ирэх, хаана машинаа тавих, дугуйгаа хаана байрлуулах, хэнд хандах, ажлын байр нь хаана байрлаж байгааг урьдчилан мэдэх хэрэгтэй. Компьютер, чиптэй карт, байгууллагын имэйл зэрэг ажлын үндсэн хэрэгслийг урьдчилан бэлдэх нь preboarding үе шатанд хийх ёстой ажлуудын нэг юм. Хэрэв шинэ ажилтан ажлын анхны өдрөө IT, HR, хүлээн авах хэсэг хооронд төөрөлдөж өнгөрөөвөл ажлын шинэ орчиндоо дасахад хүндрэлтэй байх болов уу.
4. Шаардлагатай бичиг баримтыг бэлтгэх
Энэ нь хөдөлмөрийн хууль, дүрэм журамтай холбоотой бичиг баримтууд юм. Шинэ ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад суулгах, нийгмийн даатгалд бүртгүүлэх зэрэг албан ёсны процессыг гүйцэтгэх шаардлагатай. Үүнээс гадна байгууллагын дотоод журам, дүрэм, ажил дээр ашиглах гарын авлага, хувцаслалтын дресс-код, ажлын процесст ашиглах онлайн платформуудын жагсаалтыг танилцуулж, шинэ ажилтныг байгууллагын бодлоготой танилцуулах хэрэгтэй.
5. Ажилтны урам зориг, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх
Энэ бол хамгийн чухал хэсгүүдийн нэг. Энэ шатанд шинэ ажилтан баг хамт олонтойгоо холбогдож, байгууллагад хамааралтай болсон мэт мэдрэмж авах ёстой. Зарим байгууллагууд шинэ ажилтандаа цэцэг, амттан эсвэл байгууллагын мерч бэлэглэдэг бол зарим нь шинэ ажилтанд зориулсан видео бичлэг хийдэг байна. Хамгийн гол нь шинэ ажилтны анхны сэтгэгдлээр урам зоригийг нь хадгалах нь байгууллагад ч, ажилтанд ч ашигтай.
6. Сонгон шалгаруулалтын туршлага болон бодит ажлын байдал хоорондын зөрүүг арилгах
Шинэ ажилтны ажлаас гарах гол шалтгаануудын нэг нь тэдний хүлээлт болон бодит байдал нь хоорондоо зөрөх явдал байдаг. Сонгон шалгаруулалтын явцад байгууллагууд өөрсдийгөө хамгийн сайн байдлаар сурталчилдаг ч, бодит байдал дээр ажлын орчин нь өөр байх тохиолдол бий. Hudson Report-ын “Employee Experience in Poland” (2017) судалгаагаар шинэ ажилтнуудын 55% нь ажлын бодит байдал нь тэдний хүлээлтээс доогуур байсныг дурдсан байдаг. Preboarding нь энэхүү зөрүүг багасгах боломжийг олгодог бөгөөд шинэ ажилтныг ажлын бодит нөхцөл байдалд аажмаар дасгах "гүүр" болж өгдөг.
Дүгнэлт
Preboarding нь төвөгтэй процесс мэт санагдаж болох ч зөв хэрэгслүүдийг ашигласнаар үр дүнтэй, амархан хэрэгжүүлэх боломжтой.
Oneplace.hr сонин сайхан
Oneplace.hr "Data + AI Conference-2025" арга хэмжээнд амжилттай оролцлоо 🎉
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран зохион байгуулсан "Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулган" буюу "Data + AI Conference-2025" арга хэмжээнд Монголын хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч 8 стартапыг онцлон оролцууллаа.

Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.
Хэрхэн шийдэх вэ?
Эдгээр кейс судалгаанууд нь уншигчдад хүний нөөцийн менежментийн олон талт асуудлуудыг ойлгох, шийдвэрлэхэд практик зөвлөмж, санаа өгөх болно. Бидний зорилго бол танай байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй, бүтээмжтэй болгоход хувь нэмэр оруулах юм.
Кейс 3: Сөрөг соёлоос үүдэлтэй ажилтны өндөр эргэц
АСУУДАЛ: Нэгэн компани ажлын байрны сөрөг соёлоос болж ажилтнуудын өндөр эргэц, ажилтнуудын сэтгэл санааны байдал уналтад ороод байв. Энэ нь ажилтнуудын ёс зүйгүй үйлдлийг өөгшүүлсэн орчинтой холбоотой байжээ.
ШИЙДЭЛ: Хүний нөөцийн хэлтэс эдгээр асуудлуудын үндсийг олж тогтоон, шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Тэд эхлээд ажилтнуудтай нэг бүрчлэн уулзаж, нээлттэй асуултуудын тусламжтайгаар санаа зовнилыг нь сонсож, ажиглалтууд хийсэн байна. Мөн удирдлагын багтай хамтран байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлсийг шинэчлэн тодорхойлсон. Шинэчлэгдсэн эрхэм зорилго, үнэт зүйлсийг удирдамж болгон ашиглаж эхэлсэн байна.
ҮР ДҮН: Эдгээр арга хэмжээнүүдийн үр дүнд байгууллагын соёл илүү хүндэтгэлтэй, хүртээмжтэй болж, ажилтнуудын сэтгэл ханамж, ажлын байран дахь уур амьсгал сайжирсан. Ажилтнууд өөрсдийг нь сонсож, хүндэлдэг гэдгийг мэдэрдэг болжээ. Үүний үр дүнд ажилтнуудын эргэц буурч, байгууллагын тогтвортой байдал нэмэгдсэн байна.
Хэрэв та тодорхой сэдвээр кейс судалгаа уншихыг хүсвэл эсвэл өөрийн байгууллагын туршлагаас хуваалцахыг хүсвэл манай сошиал хаягууд руу холбогдох боломжтой. Oneplace.hr
Зүгээр л тоглоод үз ✌️
"The marshmallow challenge"
"The marshmallow challenge" нь багийн бүтээлч хамтын ажиллагааг шалгах зорилготой, 4 хүний бүрэлдэхүүнтэй багуудад зориулсан дасгал юм.
Үйл ажиллагааны зорилго: Багийн гишүүдийн бүтээлч хамтын ажиллагааг шалгах.
Үйл ажиллагааны явц:
Баг бүрт 20 ширхэг шпагеттигийн гоймон, нэг маршмеллоу, нэг метрийн урттай утас болон скотч (tape) өгнө.
Эдгээр материалуудыг ашиглан багууд хамгийн өндөр, өөрөө тогтдог бүтцийг барих ёстой.
Багийн гишүүд хамтран ажиллаж, бүтээлч сэтгэлгээгээ ашиглан бүтцээ барина.
Цаг дууссаны дараа багуудын бүтцийг хэмжиж, хамгийн өндөр бүтцийг барьсан багийг тодруулна.
Энэхүү дасгал нь багийн гишүүдийг хөгжилтэй, хөнгөн үйл ажиллагаанд оролцуулж, хамтын ажиллагааны чухлыг ойлгоход тусалдаг. Мөн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, харилцааны ур чадварыг сайжруулдаг.
Hot News 📰
“TikTok нь Gen Z үеийн ажил хайгчид карьерын шинэ эх сурвалж болж байна”
Сүүлийн үед Gen Z үеийн ажил хайгчид TikTok болон бусад сошиал медиа платформыг карьерын шинэ эх сурвалж болгон өргөнөөр ашиглаж байна. Zety-ийн судалгаагаар Gen Z-ийн 92% нь TikTok-оос карьерын зөвлөгөө авдаг бөгөөд 46% нь TikTok-оор дамжуулан ажил эсвэл дадлага олж авсан байна. Мөн Gen Z-ийн 95% нь ажилд орохоор шийдэхдээ байгууллагын сошиал медиа дахь оролцоог харгалзан үздэг гэжээ. Тиймээс байгууллагууд дараагийн үеийн авьяастнуудыг татахын тулд сошиал медиа, ялангуяа TikTok дээрх оролцоогоо сайжруулах шаардлагатай байна. линк
“Японы технологийн компани нь ажилтнуудад "шарталтын чөлөө" олгодог.”
Японы Осака хотод байрладаг TrustRing технологийн компани нь ажилтнуудаа татах, хадгалахын тулд өвөрмөц чөлөөний бодлогыг хэрэгжүүлж байна. Тус компани нь ажилтнуудад "шарталтын чөлөө" болон "алдартны алдагдлын чөлөө" гэх мэт онцгой боломжуудыг санал болгодог. "Шарталтын чөлөө" нь ажилтнуудад ажлын эхлэх цаг болох өглөөний 9 цагаас хойш 12 цагт ажилдаа ирэх боломжийг олгодог бол, "алдартны алдагдлын чөлөө" нь дуртай алдартан нь гэрлэсэн эсвэл сэтгэлээр унах мэдээ сонссон үед ашиглаж болох чөлөө юм. линк
“Өмнөд Солонгосын хороо ахмад настнуудын ажлын байранд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.”
Тэд ахмад ажилтнуудын туршлага, ур чадварыг үр ашигтай ашиглахын тулд ажлын орчныг тохируулах, сургалт хөгжлийн боломжуудыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг санал болгож байна. Энэ нь ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нийгэм, эдийн засгийн хөгжилд тэдний хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн юм. линк
