- Oneplace Newsletter
- Posts
- Нуугдмал манлайлагч нарыг хэрхэн таних вэ?
Нуугдмал манлайлагч нарыг хэрхэн таних вэ?
Дэлхий даяар Generative AI (GenAI)-г дурдсан ажлын байрны зарууд огцом өсөж байна.
Oneplace.hr харилцагч та нартаа мэндчилж байна. Бид 7 хоног бүр тогтмол ✉️ newsletter явуулах болно. Манай newsletter “Таны мэдлэгт” “oneplace.hr сонин сайхан“ “Хэрхэн хийх вэ?“ “Зүгээр л тоглоод үз“ “Hot News“ хэсгүүд багтах бөгөөд уншин таалан соёрхоно уу 👀.
Таны мэдлэгт 🧠
Нуугдмал манлайлагч нарыг хэрхэн таних вэ?
Орчин үеийн ажлын орчинд авьяастай ажилтнуудыг өөрөөр хэлбэл нуугдмал манлайлагч нарыг зөв тодорхойлох, хөгжүүлэх нь томоохон сорилт болоод байгаа билээ. Уламжлалт гүйцэтгэлийн үнэлгээнүүд ажилтнуудын хувь нэмрийг бүрэн дүүрэн үнэлж чаддаггүй бөгөөд судалгаагаар нийт ажилтнуудын 15% нь байгууллагын амжилтын 50%-ийг бүрдүүлдэг болохыг харуулжээ. Иймээс нуугдмал манлайлагч нарыг нарийвчлан тодорхойлох нь байгууллагын амжилтын үндэс юм.

Уламжлалт үнэлгээний сул талууд:
Удирдлагын үнэлгээ: Удирдлагын хувийн болон ухамсаргүй хандлагууд үнэлгээнд сөргөөр нөлөөлөх боломжтой.
Ажилтны өөрийгөө сурталчлах чадвар: Зарим ажилтнууд дунд өөрсдийгөө илүү эерэгээр буюу чадварлагаар харуулж чаддаг ажилтнууд байдаг тул яг жинхэнэ ур чадвартайг нь олж илрүүлэхэд цаг хугацаа алдах магадлалтай.
Зайнаас болон hybrid ажлын орчин дахь ажиглалтын дутагдал: Удирдлага ийм ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг ажиглах боломж бага байдаг.
Гүйцэтгэлд бүрэн дүүрэн дүн шинжилгээ хийх гүнзгий мэдээллийн дутагдал: Уламжлалт аргачлал нь ажилтны бодит хувь нэмэр, үүрэг, чадамжийг бүрэн ойлгоход дутуу мэдээлэлтэй байдаг.
Системийн уян хатан бус байдал: Уламжлалт үнэлгээнүүд орчин үеийн ажлын хэрэгцээ, ажилтны хувийн онцлогт тохирохгүй байх тохиолдол гардаг.
ONA буюу байгууллагын сүлжээний шинжилгээ
Байгууллагын сүлжээний шинжилгээ/Organizational Network Analysis (ONA) нь ажилтны үүрэг, оролцоог өгөгдөлд тулгуурлан үнэлэх шинэ аргачлал юм. ONA нь ажлын орчин дахь нуугдмал шилдэг ажилтнууд болон гол нөлөөлөгчдийг илрүүлдэг. Мөн ажилтнуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг судалж, шилдэг ажилтнуудыг болон байгууллагын чухал зангилаа үүрэгтэй хүмүүсийг тодорхойлдог. Энэ аргыг ашигласнаар ажил олгогчид хэн хамгийн их нөлөө үзүүлж байгааг ойлгож, тэднийг хөгжүүлэх боломжтой.
Гүйцэтгэл өндөр ажилтнуудыг тодорхойлох нь яагаад чухал вэ?
Байгууллагын амжилтад үзүүлэх гол нөлөө: Байгууллага дахь шилдэг ажилтныг үнэн зөв тодорхойлох ажил нь хүний нөөцийн хэлтэсийн явуулдаг энгийн нэг үйл явц биш харин байгууллагын амжилтад ихээхэн нөлөөлж чадах стратеги юм. Gallup-ын судалгаагаар ажилтнуудын 15% нь байгууллагын амжилтын 50%-ийг бий болгодог. Өндөр нөлөө бүхий эдгээр ажилтнууд инноваци, бүтээмж, бизнесийн ерөнхий өсөлтийн хөдөлгөгч хүч болдог. Харин байгууллагын 5% нь асуудлын 50%-ийг үүсгэдэг бөгөөд багийн уур амьсгал, бүтээмжид сөргөөр нөлөөлдөг байна.
Бүтээмжийн ялгаа: Corporate Executive Board судалгаагаар өндөр гүйцэтгэлтэй ажилтнууд нарийн төвөгтэй, бүтээлч, өндөр эрсдэлтэй ажлын байран дээр дундаж ажилтнуудаас 400% илүү бүтээмжтэй байдаг. Харин энгийн ажлуудад ч 50%-иар илүү үр бүтээмжтэй ажилладаг.
Retention буюу хадгалалт: Society for Human Resource Management (SHRM) судалгаагаар хүлээн зөвшөөрөгдөж, тушаал дэвшсэн ажилтнууд байгууллагадаа үлдэх магадлал өндөр байдаг. Тодруулбал, ажилд орсноос хойш гурван жилийн дотор тушаал дэвшсэн ажилтнуудын үлдэх магадлал 70% байдаг бол дэвшээгүй ажилтнуудынх 45% байна.
Зардлын үр дагавар: Гүйцэтгэл өндөр ажилтнуудыг илрүүлэхгүй байх, эсвэл зохих ёсоор удирдахгүй байх нь асар их зардал дагуулдаг. Gallup-ын судалгаагаар, урам зориггүй ажилтнууд (үүнд ихэвчлэн хүлээн зөвшөөрөгдөөгүй гүйцэтгэл өндөр ажилтнууд ордог) АНУ-ын эдийн засагт жилд 605 тэрбум ам.долларын алдагдлыг үүсгэдэг.
Цаашлаад, гүйцэтгэл өндөр ажилтнуудыг дэмжихгүй байх нь "авьяасын алдагдал"-д хүргэж болзошгүй. Энэ нь шилдэг ажилтнуудыг тэдний авьяасыг илүү үнэлдэг өрсөлдөгч байгууллагуудад алдахад хүргэдэг. Үүний үр дүнд зөвхөн ажилтнаа алдаад зогсохгүй, шинэ ажилтан элсүүлэх, сургах зардал ихээр нэмэгддэг.
Дүгнэлт
Эдгээр хүчин зүйлсийг харгалзан авъяас чадварыг үр дүнтэй тодорхойлж, удирдах нь байгууллагын эрүүл мэнд, амжилтанд зөвхөн ашиг тустай төдийгүй чухал ач холбогдолтой юм.
“Хэрхэн хийх вэ?” хэсгээс ONA хэрхэн нуугдмал манлайлагч нарыг илрүүлдэг талаар уншаарай.
Oneplace.hr сонин сайхан
Манай Oneplace.hr платформ дээр ONA MAP шинээр нэмэгдлээ!🎉
Энэхүү шинэлэг функцийн тусламжтайгаар байгууллагынхаа хамгийн нөлөө бүхий багийн гишүүдээ хялбарх харах боломжтой. ONA map-аар дамжуулан байгууллагынхаа нуугдмал манлайлагч нарыг таньж мэдэх боломжтой болж байгаа юм.
Манай платформтой танилцаж бидэнтэй уулзалт товлохыг хүсвэл энэ линкээр ороорой.
Хэрхэн хийх вэ?
ONA хэрхэн нуугдмал манлайлагч нарыг илрүүлдэг вэ?
Organizational Network Analysis (ONA)
ONA нь байгууллагын дотоод харилцааг зураглан, цуглуулсан датагаа шинжлэх аргаар дотоод харилцааг үнэн бодитоор нь харуулж өгдөг. Хамтрагчдаасаа хэнээс зөвлөгөө авдаг, хэнийг урамшуулдаг, эсвэл хэнийг гол хувь нэмэр оруулагч гэж үздэг зэргийг судалснаар ажилтнуудын бодит нөлөө, үүргийг тодорхойлох боломжтой.
Гүйцэтгэл өндөр нуугдмал ажилтнуудыг хэрхэн илрүүлдэг вэ?

ONA нь байгууллагын гүнзгий харилцаа, гол тоглогчдыг тодруулах онцгой хэрэгсэл бөгөөд уламжлалт үнэлгээнд харагддаггүй боловч байгууллагын амжилтад зайлшгүй шаардлагатай хүмүүсийг илрүүлдэг.
Дотоод сүлжээг зураглах: Хэнтэй харилцдаг, хэнд зөвлөгөө өгдөг, хэрхэн хамтран ажилладгийг тодорхойлж өгдөг.
Нөлөөлөгчид ба холбогчдыг таних: Байгууллагын амжилтын мэдлэгийг түгээгч, хамт олонд урам зориг өгөх чухал ажилтнуудыг илрүүлнэ.
Хамтын ажиллагаа ба дэмжлэгийн үүргийг үнэлэх: Багийн ажиллагааг үр дүнтэй болгодог ч уламжлалт үнэлгээнд орхигддог хувь нэмрийг харуулна.
Давуу ур чадваруудыг тодруулах: Олон хүний хэрэгцээг хангадаг шинэлэг чадваруудыг ил гаргана.
ONA нь удирдагч потенциалтай хүмүүсийг танихад тусалдагаас гадна байгууллагын дотоод харилцааг илрүүлж нуугдмал авьяасыг нээхэд хувьсгалт дэвшил авчирадаг хүний нөөцийн мэргэжилтнүүдийн топ хэрэгсэл болоод байгаа билээ.
Зүгээр л тоглоод үз ✌️
Төгс дөрвөлжин
Зорилго: Энэхүү тоглоом нь багийн харилцаа, итгэлцэл, болон манлайллын чадварыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Нүдний хаалттай дөрвөлжин үүсгэх сорил нь оролцогчдыг өвөрмөц нөхцөлд хамтран ажиллах, үр дүнтэй харилцах чадварыг суралцахад тусалдаг тул багаараа заавал тоглож үзээрэй.

Багийн гишүүдээ тойрог болгон суулгаад, бүгдэд нь нүдний хаалт өгч зүүлгэнэ. Эхлэл, төгсгөл нь холбоотой урт олсыг тэдний гарт бариулна. Ингэснээр бүгд олсонд хүрсэн байх ёстой. Энэ тоглоомыг удирдан явуулж буй хүн тойргоос гарч, нүдний хаалтаа авахгүйгээр төгс дөрвөлжин хэлбэрийг барьсан олсоор үүсгэхийг даалгана. Баг гүйцэтгэлээ дууссан гэж үзмэгц нүдний хаалтаа авч, үр дүнг шалгана.
Сонирхолтой болгох үүднээс өөрчлөлтүүд оруулж болно:
Зарим нь тоглоом дуустал ярих хориотой.
Нүдний хаалт зүүхээс өмнө төлөвлөгөө гаргах боломж өгч харин нүдний хаалт зүүсэн үед ярихыг хориглоно гэх мэт
Дүгнэлт хийх: Тоглоомын дараа дараах асуултуудыг хэлэлцээрэй:
Ямар стратеги үр дүнтэй байв?
Манлайлал хэрхэн илэрсэн бэ?
Итгэлцэл, харилцаа хэрхэн хөгжсөн бэ?
Үр дүн: Энэ тоглоом нь багийн гишүүдийн манлайллын хэв маяг, уян хатан чанарыг илтгэхийн зэрэгцээ хамтын зорилгод хүрэхэд итгэлцэл, үггүй харилцааны ач холбогдлыг ойлгоход тусална.
Hot News 📰
“Дэлхий даяар Generative AI (GenAI)-г дурдсан ажлын байрны зарууд огцом өсөж байна.”
Судалгаагаар GenAI-г хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 74% нь эхний жилдээ хөрөнгө оруулалтын өгөөжийг мэдэрсэн бөгөөд үйлдвэрлэлийн үр ашиг болон орлогод ихээхэн нөлөө үзүүлжээ. Байгууллагууд энэ технологийг хэрэглэгчдэд зориулсан хувийн үйлчилгээ, үнийн оновчлол, өгөгдлийн шинжилгээ гэх мэт олон үйл ажиллагаанд ашиглаж байна. линк
“Starbucks-ын дэлхий дахины ажиллах хүчний тоо буурсан хэдий ч кофешопынхоо тоог нэмэгдүүлсэн байна.”
Энэ өөрчлөлт нь үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах стратегитай холбоотой аж. Компанийн кофешопын тоо нэмэгдсэн ч тодорхой бүс нутагт ажиллах хүчний бууралт нь хөдөлмөрийн зардлыг оновчтой болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой байжээ. линк
“2024 онд Малайзын компаниудын 88% нь цалингаа нэмэгдүүлжээ.”
2024 онд Малайзын компаниудын 88% нь цалингаа нэмэгдүүлж, эдийн засгийн сорилтуудын үед ажилтнуудаа хадгалахын тулд хүчин чармайлт гаргасан байна. Mercer-ийн Цалингийн нийт шагнал урамшууллын судалгааны дагуу, цалингийн дундаж өсөлт 5.1% байсан нь 2023 оны 4.8%-тай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Үүнд өндөр технологи болон эрчим хүчний салбарын өсөлт голлон нөлөөлсөн байна. Гэсэн хэдий ч, зарим салбар, тухайлбал, тээврийн тоног төхөөрөмжийн салбар харьцангуй бага өсөлттэй байжээ. линк
